Хүмүүс шиг нэг их олон машин унаж энэтр болж байсангүй. Гэхдээ яахав өөрийн байсан машинуудынхаа талаар бичнээ.
Эхнийх нь Москвич-412 байлаа...
Мэдээж социализмийн үед нийтээрээ л машин тэрэггүй байсан юм болохоор 90 он гармагц энд тэндээс хуучин машин авчирагсдын эхнийх нь л байсан байх, Чех-с ирсэн тэрэг байв
Хүргэн ах маань эхэлж худалдаж аваад аавд минь, хэхэ надад л гэсэн үг дээ, өгсөн юм. Тухайн үедээ бол ч мундаг бэлэг байлаа шүү дээ, машинтай хүн цөөхөн байхад. Хөөрхөн ногоон өнгөтэй (хэхэ тэр үедээ л) машин байсан. Тэр үед ямар юмных нь дижитал камер энэтр байхав, нэг ч зураггүй хоцорсон байна. Гэхдээ нэг иймэрхүү л машин байсан юм.

Намайг 10 гаран настай байхад нэг нагац ахад маань ер унадаггүй, цоо шинэ Москвич АЗЛК-1500 машин байдаг байлаа. Хөх өнгөтэй, бүүр цоо шинэ шүү дээ. Тухайн үедээ бол үнэхээр гоё машин. Угаасаа тэр үеийнхэнд бол одоогийн Ланд-100 түвшинд л яригдана шүү дээ.
Аавтайгаа хамт хавар, намар гаражд нь очиж дугуйг нь хөндийлж хадгална, шалгана.
Ооёоо, данхраадаар нь өргөх буулгах хооронд л тэр машинд суух гэдэг ямар сайхан мэдрэмж байваа.

Тэр гаражид очих гэж аав бид 2 өчнөөн хол алхдаг байж билээ. Муу аав минь сайхан сэтгэлтэй хүн байж дээ. Хаа байсан гадаадад амьдарч байсан нагац ахын минь машиныг арчлах гэж яг л өөрийн юм шиг явна. Асааж, шалгана, гэхдээ хэзээ ч хүний юмыг унаж эдлэхгүй, хөдөлгөхгүй, ер нь л илүү харахгүй. Зүгээр л сайхан арччихна. Харин надад хамт очиж дотор нь суух, жаахан ч болтугай мөрөөдөх нь сайхан байж ээ.
За тэгээд хэдийгээр нагац ахынх шиг минь шинэ, гоё биш ч гэлээ ямартай ч өөрийн машинтай болж байгаа нь тэр, манайх. Ингэхэд тэр машинаараа муу аавыгаа би л лав авч явж чадаагүй. Манай ах нар л магадгүй.
Мань бол өнөөхийгөө асаах гэж, хөдөлгөх гэж мөн ч их юм болдог байлаа. Ядаж байхад үнэмлэхгүй ээ. Тэр үеийнхний аргаар л дунд ах маань таньдаг нөхрөөсөө талоныг нь (үнэмлэх дагалдаж торгуулийн оноо хасдаг "талон" гэж нэг хуудас байлаа, үнэмлэхээ цагдаад хураалгачихаараа талоноо үзүүлж яваад машинаа гаражд тавьж болдогийг нь ашиглаж байгаа ухаантай) гуйж авч өгөөд, тэрүүгээр нь би явах гэж үзлээ. Дунд ах маань ч намайг зүйл бүрээр дэмждэг байлаа, хүн шиг хүн болгох гэж, айлын хүүхдүүдээс дутуугүй, хоцрохгүй байлгах гэсэн л санаа байж одоо бодоход. Олон ч зүйлийг тэр ах минь надад тийнхүү мэдрүүлэх гэж үздэг байж. Одоо хаа байсан Америкад олон жил амьдарч байгаа болохоор агаагаа их санадаг шүү.
За тэгээд нөгөө муу машаан маань явахаасаа явахгүй нь их, явахгүйдээ эвдэрэх нь их, эвдэрхээрээ дандаа л нэг юм нь хугарч хэмхэрч зогсоно. Чех-дээ аргагүй моралийн элэгдэлд ороод, зэв идээд хог болсон юмыг л чирч ирж зардаг байж дээ, тэр үед. Одоо ч ялгаагүй шахуу дөө.
Зарим юмыг нь хугалчихаад хүнээс асуухаар:
- Тэр юу гэж хугардаг юм, ийм бүдүүн төмөршдээ, гэх. хэхэ минийх хугарчихаад байнаа гээд харуулахаар нүд нь орой дээрээ гардаг байж билээ.

Дотроо өчнөөн зайтай, суудал нь лидринэн болохоор хүйтэн өдөр жаахан хайрнаа. Гаднаа өчнөөн никель хэсгүүдтэй, тэрийг нь арччихаар нарны гэрэл ойгоод л гялалзаж гялтганаад их гоё харагдана, хэхэ даанч, ногоон өнгийн будаг нь сүүлд будсан болохоор гялалзахгүй.

Гүпер энэтр нь төмөр болохоор тормос ажиллахгүй нэгэн удаад сагсны шийд мөргөөд зогсоход ижилхэн л хонхойно уу гэхээс, бүүр эвдэрчихээгүй юмдаг.
Мотор нь их энгийн амар байж. Карбюратортай, бас транблюр ч билүү юмтай. Тэднийгээ гаргаж ирээд л цэвэрлэнэ шүү дээ. Хэхэ, карбюраторт нь бензин их ороод баяжихаар нь карбюраторынхоо жижигхэн шилтэй таглааг (хүмүүс цонхтой карбюратор гэх) эргэдэж онгойлгоод асгаж орхино.
Нэгэн удаа Агаатайгаа "халтуур" хийдэг юм болов оо. Хэдэн хүн суулгаж аваад Дамбадаржаа хийсцэн. Одоо бол урд нь 2 хүн суучихсан машинд хүн суухгүй дээ. Тэгэхэд хойноо 4 хүн чихэж аваад сийгүүлж байгаам. Очоод харин нөгөө гарууд новширдог байнашд. Юун мөнгө өгөх, халамцуу гарууд хариу мөнгө нэхээд, шил хагалах юм болов. Агаа байгаагүй бол ч мань байсан мөнгөө өгчихсөөн.
Харин манай ах, өмнө нь цэргийн хүн байсан болоод ч тэрүү айлгаж нэг үзээд, маниасаа бас хэдэн оймс илүү элээчихсэн болоод ч тэрүү аргадаж нэг үзээд, аргалаад саллаа шүү. Даанч өгөр машин асдгүй. Хоёул түрсээр зам дээр гаргалаа.
Үзтэл, баяжсан шиг байнаа. Нөгөө муу "цонхоо" нээгээд бензинийг нь асгалаа даа. Харагддаггүй ээ, орой харанхуй. Жожголкоо (зажигалка) асаагаад хартал, хэхэ пүрх гээд л өнөөх асгасан бензинд гал авалцчихав. Хэхэ, би ч дэмий л сэвдэгийн. Угаас нүцгэн зам дээр салхи хүүгээд юу юугүй машинаа галдах нь ээ.
Дахиад л агаагийн сийрэгхэн толгой аминд оров шүү. Муу машин болохоор, дандаа л ус нь хална. Ямар тэр үед тосол энэтр гэж байсан биш, байлаа ч мань авахааргүй үнэтэй байвшд. Ардаа нэг 10-ын канистртай ус авч явж, халахаар нь нэмдэг байсан юм. Агаа тэрийг гаргаж ирээд асгачихсан. Бүүр бүгдийг нь хийчлээ. За ашгүй гал ч унтарлаа.
Гэхдээ мотор хэсэг будаа, будаа. Баахан утас хайлчихаж. Яг тэр өдрийн өглөө 2-уул техникийн захаас хэдэн сайхан свечаны утас шинээр нь авч тавьсан байсан нь байхгүй болов оо. Хэхэ, гэхдээ ч яахав, багажиндаа хуучин утсыг нь шидчихсэн явсан нь аминд орлоо доо.
Тавиад асаах гэж үзлээ. Болдгүй ээ. Гэтэл түлхүүрээ хийж эргүүлдэг, кундакторт нь нэг утас хөндийрчихсөн байсан юм даа.
Үүнээс хойш би алив асуудлыг зөвхөн нэг чигээр биш, олон талаас нь харж, шалгах ёстой гэдгийг ухаарч эхэлж байгаа нь тэр.
Мөн ямар ч тохиолдолд сольсон хуучин сэлбэгээ нэг хэсэгтээ машиндаа авч явдаг зуршил тогтож байгаам.
Нэгэн удаа Төв шуудангийн уулзвараар гарч явтал, яах аргагүй л миний машинаас нэг төмөр жингэнээд л салаад уначихсан. Хэхэ, машинаа зогсоочихоод гүйгээд хүртэл нэг хэсэг гялгар төмрүүд хэвтэж байх юм. Юугий нь мэдэхгүй ч аваад Да хүрээ рүүгээ очлоо. Яг тэнд ч хүрсэн, машин унтарчихаад асдаггүй ээ. Өнөөхөө бариад, энэ юм байхгүй л бол машин нь асахгүй нь ээ гээд үзүүлээд явлаа. Гэтэл бүүр тог гаргаж аккумлятороо цэнэглэж явдаг жанаамных (динам) дамар салдаг гэнээ. Ижил жанаамнуудыг харахаар цул төмөр байгаад байдаг. Бүүр ангайсөөн. Яахав нэг нөхрөөс шалсаар байгаад 4000-р зарж байсан жанамных нь дамарыг 2000-р авлаа шүү. Авчихаад буцаж явтал харин "өвөө нарын хог дээр" өнөөх чинь 150 төг гээд хэвтэж байдаг байгаа, хэхэ шатчихаж байгаам. Яахав түүнээс хойш захын өвөө нарын хогон дундуур тэнэх дуртай болчихож байгаам. Харж явтал үнэхээр нэг хэрэгтэй зүйл хөгийн үнээр хэвтэж л байдаг юм даа.
Хичнээн тэгэж эвдэрч энэтр болдог ч гэлээ, өөрийн гэх машинтай байх анхны хамгийн сайхан мэдрэмжүүдийг өгсөн машин даа.
Сүүлд том ах маань сайхан засаж, эдлэж байгаад хүнд зарсан гэсэн.
За нэг иймэрхүү байдлаар л "Тожоо жолооч" болж, анхны машинаа эдлэж байлаа.
Энэ сэдвээр үргэлжлүүлэн бичих болно. Хэрвээ танд таалагдаж байвал Comment хэсэгт өөрийн сэтгэгдэлийг үлдээгээрэй...

No comments:
Post a Comment