Wednesday, August 29, 2012

Mitsubishi Chariot (2012-Jan-12)

За олон биш ч дунд нь унасан зарим машинаа алгасуулан байж нэгийг оруулчий. Яагаад гэвэл энэ машин надад тун их таалагдсан хэрэг л дээ.

Нэгэн удаа Сэлэнгэ аймгийн Алтан булаг /хойд хийлийн боомт/ руу явдаг юмаа. Эхнэр тийш очих ажилтай байсан учир амралтын өдөр яахав, салхинд ч гарчихъя гэж би морин жолооч хийгээд 2 охиноо аваад давхичхлаа. Зам ч шулуухан болохоор тэр үед унаж байсан Toyota Cresta /90 кузовтай гэж ярьдаг даа./ маань нуугиад л гү мөн сайхан давхиж билээ.




Ер нь Улаанбаатараас хойд зүг дэх зам боломжийн боловч, нарийхан, зарим хэсэгтээ овгороос болоод хурдтай яваа үед авч шидчих байх гээд миний хувьд 120 км/ц-аас нэг их хэтрүүлээд баймааргүй л байдгийн. За зарим газарт нь ихдээ 140 тэгээд болно байхаа.

За харин хамгаалах бүс гээч юм бол үнэн чухал шүү дээ. Эхнэр бид 2 өөрсдөө ч тэр, хүүхдүүдээсээ ч тэр заавал зүүхийг шаарддаг юм.

Ажлаа амжуулчихаад үдээс хойш буцлаа. Яахав гэр бүлээрээ яваагийн хэрэг юу билээ, хаа нэг бууж суусаар, замд хоол унд шоглосоор орой ч болсон юм, хойно суусан охидууд ядраа байх унтах юм боллоо. Седан машиныг та ямар мэдэхгүй биш суудал нь нааш цааш хөдлөнө гэж байхгүй, байгаагаараа л хөлөө нааш цааш нь унжуулаад хэвтэцгээсэн юм.
Нэг зогсоод хартал хүүхдүүд маань унтаж байна. Нэг суудал дээрээ шахалдаад хэвтэхэд нь ч хэцүү л байгаа бололтой. Хамгийн гол нь харанхуй болсон хойно хойд зам дээр давхиж байгаа миний хувьд нэг л аюултай мэдрэмж төрдгийг хэлэх үү, охидууддаа хамгаалах бүсийг нь бүслүүлэх арга олддоггүй. Гайгүй биз гэж бодоод хөндлөн хэвтүүлээд унтуулчихлаа. Гэтэл харанхуй зам дээр нэгэн чиргүүлийг ямар ч анхааруулах зүйлгүй зогсоож орхисныг бараг эцсийн мөчид хараад зайлж билээ. Харалгүй мөргөчихсөн бол бүстэй яваа нь гайгүй байж болох юм, гэтэл бүс бүслэлгүй явсан хүүхдүүд маань... гэж бодогдоод нэг хэсэг салгалсан шүү. Тэгээд л суудлаа хойш налуулаад унтаад явдаг боловч, бас бүстэйгээ налуулж хэвтэх боломжтой г.м тиймэрхүү л машинтай болмоор санагдсийн.

За тэгээд л ер нь машинаа солихоор шийдлээ. Авах машин маань ямархуу байхав гэж өөрийнхөө "техникийн тодорхойлолт"-ыг дотроо төсөөлөв дөө. Өвдөгнийхөө үеийг гэмтээсэн миний хувьд Cresta-саа ч бууж суухад газраас босч байгаа юм шиг хэцүү байдаг байлаа. Өндөр машин бас авирч, дэвхэрч буух зэргээс бас боломгүй харагдаад. Дээрээс нь хот дотор л ихэнхдээ явдаг хүний хувьд мангар том жийп унах шаардлага ч гарахгүйг хэлэх үү. Тэгээд ч Ланд круйзер мэтийн арын суудал мөн л урагшаа л унануу гэхээс хойшоо налахгүйм гэж хараад л.

Нөгөөх шаардлагаа урдаа бариад л зах руу яваад очивоо. Машинууд ч байна. Гэхдээ миний дээрх шаардлага, бас кармааны маань хэмжээнд таарах юм хайж нилээн явлаа. Нэг нөхөр 1998 оны Mitsubishi Chariot Grandis /Чариот/ үзүүллээ шүү.

Би өмнө нь Чариотын хамгийн анхны загвар болох 1980-аад оны сүүлд хийсэн нэг машиныг /Chariot Space Wagon I/ богинохон хугацаанд унаж байсан болохоор нээрэн боломжийн шүү гэсэн анхны сэтгэгдэл буучихаж бйгаам. Монголд орж ирж байсан Япон машинуудын эхнийх нь эгнээнд л орж байсан байх. Хүргэн ах маань авч ирж унаад, тухайн үед сэлбэг юмнууд нь ч олдохгүй болохоор жаахан сармайгаад, унах хүн ч олдохгүй болчих гэж байсан тэрэг л дээ. Яг тэр загвараас Монголд миний мэдэхийн 3-4 л ирсэн байх. Дараагийн загвар нь ороод ирсэн учраас тэгсгээд алга болчихсын. Их сайхан тохилог, олон суудалтай сайхан машин байваа. Мотор нь их энгийн, Солонгосын Hyundai Sonata I-ийн мотортой яг ижил, хуруувч резин, зарим нэг таван бул мэт нь яг таарчихдаг байсан юм.

Чариотыг үзлээ. Гол нь салоон тал руу нь их анхаарлаа даа. Угаасаа ч миний мэдэх юм тэр, явах эд анги мотор тал дээр сайн мэдэхгүй болохоор урьд унаж үзсэн Чариотоороо л төсөөлчихөж байгаа. Ингээд унаж байсан Cresta-с маань хэд хэдэн давуу тал байгааг харлаа.
- Юуны өмнө суудлын тоо 7 байгаа нь надад тун их таалагдлаа. Тэгээд тэр суудлуудын маневрыг ээ. Хэвтүүлээд бүр ор ч болчихоор.
- Шил өргөгчүүд нь жолооч талаасаа бүгд автомат байх юм. Энгийн цахилгаан өргөгчтэй шилийг нээх хаахдаа үйлдлийг дуустал нь гараараа дарж байх хэрэгтэй болдог доо, гэтэл одоо аль ч шилийг нэг татаад л гүйцээ.
- За бас шил хаагдаж байх явцад ямар нэгэн зүйл хавчлуулагдах зэрэгт шууд автоматаар зогсоод, эргээд буучих юм. Европт нэг жаахан хүүхэд санаандгүй өөрийгөө боомилсон гэж сонсож байсан болохоор хүүхдэд аюулгүй байдлаасаа тун догь, айн.
- 10 ширхэгтэй СД чэйнжэртэй машинтай болж үзэж байгаамшд. Үнэн саак байлаа.
- Урд хормойдоо зориулалтын гэрэлтэй /Fog lamp/ байсан. Энэ машинаа зарагдтал гэрлийн гялбаанд өмнөхөө харж чадахгүй болох тохиолдол гараагүй нь тэрхүү жижиг гэрлийн л ач тус байлаа. Одоо дандаа л тийм гэрэлтэй машиныг атаархангуй хардаг хэвээрээ.
- Cresta-гийн урд булангийн дохионы гэрлийг байнга хулгайд алддаг байлаа. Бүр хайран байсан ч цайрыг нь дотроос нь өрөмдөж нүхлээд дотор тал руу нь төмөр утсаар хүлэх, гаднаас нь нэвт цоолж шрупдэх зэрэг арга хэрэглээд ч алдах дээрээ тулбал алдчихдаг л байлаа. Харин энэ Grandis Chariot-ын хувьд урд их гэрэл нь дохиотойгоо үргэлж байлаа. /хэхэ одоо авах гээд үз л дээ ч гэх шиг/


Зай, багтаамжийн талаар бол ярилтгүй ээ. Нэг л сайхан цэлийсэн юм. Манайх бүр зуслан гарахдаа хөнжил гудас, хувцас хунараа нэг мөсөн ачаад л нүүчихдэг байлаа.
Ер нь бол дотор салоон, тэнд байгаа олон нүх савнууд, суудал, аюулгүйн дэрнүүд гээд бүх зүйл нь үнэхээр их таалагдсан машин шүү.

Моторыг нь хальтхан сөхөөд харахад л дээрээ бичигтэй хуванцар таглаатай /хэхэ дор нь юу ч байгаам бүү мэд их л гоё харагддагийн/. Гадна хойноо хэдэн хөөрхөн бичиг бас үсэгнүүдтэй. Яг л LandCruiser VX, GX гэдэг шиг GDI /!!!!!/ гээл.

Явдал энэтр бол хөнгөн зөөлөн гэж хэлэх үг алгаа. Хурд хүч бол байна шүү. Намалзаад л байхын. Ер нь урд хойд дугуй хооронд зай ихтэй болоод ч тэрүү, салоонд хэрэглэсэн материалуудын ихэнх нь хатуу биш хуванцар ашигласан болоод ч тэрүү дуу шуу орох нь тун бага шүү. Нөгөө Алтанбулаг руу ч яваад үзлээ. Ярих юм алгаа.

Тэгж байгаад ЖиДиАй /GDI Gasoline Direct Injection/ үсэгнүүдийн учрыг интернетээсээ хайлаа даа. Би хувьдаа салооны тодорхойлолт л гэж ойлгож байсан юм. Гэтэл санаанд оромгүй зүйлс дурайх нь тэр. Оросууд ялангуяа их бичсэн байнаа.
- Хүйтэнд асдаггүй,
- Бензин голдог
- Удахаараа мотор нь мууддаг
- Зарцуулалт их гээл авч өгчээ хө.
Поршин дээр орсон бензинийг давхар шахалтаар бүр их нягтруулж байгаад тэслэх л юм байна гэж ойлгогдсоншд, нэг тийм нэмэлт агрегаттай бололтой. Тиймээс бензин болон агаарын холимогийн найрлаг нь энгийн машаанаас нилээд шаардлага өндөртэй байхымуу да, нэг тиймрхүү л ойлголт юм гиг байсан.

Минийх л лав зүгээр байнадаг, муусайн юмнууд тос мосоо солихгүй удаагаад тэр биз гэж бодоод моторын тос солихдоо мотор угаагчаар сайтар угаалгаад л энэтр байсан чинь бас л болдгүй зүйлүүдийг нь их хийх шиг болсон. Мотороо шүршүүлж угаалгаад л энэтр байсан бас тэр компьютрүүдийг нь шатаачихсан ч юмуу, ер нь л сулраад, чаг чаг гэх чимээтэй болчихлоо, за зарцуулалт бол хүйтэнд бүр ч талийваа. Зарим хүмүүс анхнаас нь Аи95 бензин хийдгиймаа л гэх, гэтэл би нэгэнт 92 хийцэн хүн яахав, дүүрсээн.

Хүйтэнд ажилдаа ирэхдээ гадаа тавьсан машин маань орой гараад ирэхэд л асахгүй болчих энүүхэнд шүү дээ. Чирээд л харина. Дулаан гараж арай гэж нэг хайж олоод хонуулчихад л маргааш нь юу ч болоогүй мэт асна. За сүүлдээ ч свечагаа заавал авахуулж, цэвэрлүүлдэг муу зантай болсон доо.
За тэр агаарын холимог зохицуулагч клапан байнаа. Зүгээр энгийн клапантай машин хичнээн амар байдаг билээ, гэтэл хамаг юм нь цахилгаан болохоор шатчихсан юм байлгүй таг болно. Тухайн үед Монголд бол засна гэж гонж, соль л гэдэг байлаа. Би бүр 3 удаа солиход 500.0 гаран төгрөг зардгийм даа. Тэр юмыг нь солилоо гээд хүч нь л энгийн нормдоо очихоос шатахуун зарцуулалт буурахгүй яг л Ланд шиг байлаа. Сүүлдээ ч урагш явахаасаа зогсох нь элбэг болчдийм байна.

Засуулчих санаатай явж байтал нэг нөхөртэй таарлаа. Sonata мотор тааруулаад тавьчихаж. Яахав санаа л болохоос бас ч нэг их тийм аятайхан хийгээгүй байнаа. Тэгээд л ер нь моторыг нь солий, гэхдээ яавал аятай тохитой юм хийчдэг хүн олох уу гээд л бодоод явлаа.

Хэдэн залуустай уулзлаа, нөгөө машааныг ч харлаа. Sonata мотр биш юмаа. Хүч чадал талаасаа болох ч шал буруу харах учир суусан байдал нь ч ажиллагаа нь ч сонин чимээтэй биш оргиод байхын. Аксент /Hyundai Accent/ мотор уг нь яг сайхан сууж байна. Арай л бядгүйдээд болдгүй. Тэгээд ч Чариотын автомат кроп дээр нь угсарч үзсэн дэмий байнаа. Аванте /Hyundai Avante XD/-ийн 1500сс-тэй донс мотор /DOHC/, механик кроптой нь тавьчихсан чинь харин арай дээр шүү. Уг нь таван бул, хагас гол энэтр нь асуудалгүй орчихдог юм билээ. Дээр өгүүлсэн Соната мотортой машин хагас голоо залгаж гагнаад, тэр нь бас жаахан далий байсиймуу улих чимээтэй байхын билээ.

Жаахан хүч сулдаад л байлаа. Гэхдээ механик ч гэлээ унаад явахад болоод байхын. Уг нь Авантегийн хамаг параметр нь адилхан мөртөө 1800сс DOHC мотор сүүлд харагдсан ч би бүүр дахин оролдохоос залхчихаад байсан болохоор тэр чигт нь орхисон. Одоо ч гэсэн хямд машин хайсан, механик хамаагүй гэх нэгэнд муу мотртой, эвдрэлтэй нь хамаагүй, сэмбэгэр Чариот байвал хямдхан аваад, Авантегийн 1800 сс DOHC мотор суулгаад уначихаач гэж зөвлөдөг болсон доо.

Энэ Улаанбаатарын бөглөрөөн дотор механик машин, тэр мөртөө зохиомол болохоор их хэцүү санагдаад зарсан даа. Дүгнээд хэлэхэд Chariot Grandis бол кузов, дотор салоон талаасаа тун сайхан, явах эд анги талаасаа яахав боломжийн, харин мотор бол зүгээр л хог байлаа хө.

Гэхдээ одоо ч нөгөө зовж шаналж байсан шарх аничихсиймуу, дахиад нэг яг орж ирснийг аваад, нямбайхан унавал яах бол гэж бодогдсоор л байдгийн. Даанч найз нөхөд, танилууд маань намайг дүүрчихсэн тэнэг гэх байх л даа, түүнээс биш унаад явахад үнэхээр сайхан машин шүү, таалагдсан.

No comments:

Post a Comment