Wednesday, August 29, 2012

Excel гэж унаа байнашдээ... (2010-Oct-14)

Би гэдэг хүн хуучин Эксэль авах боломжтой болдгийм даа.
Задлаж оруулж ирээд угсарч худалддаг хүнээс авч байгаам. Өө тухайн үедээ бол Экселийг бас ч гэж хүн бүхэн унаад байдаггүй л байсан цаг л даа. Яахав хуучин, гэхдээ тухайн үедээ хөөрхөн "царайлаг", одоогийнхоор бол "цэмбэгэр" тэрэг байваа.




Эксель гэдэг машин болбаас, 4 цилиндртэй-1500сс мотортой. Гэхдээ мотор нь бас хөөрхөн хүчтэй, механик кроптой урагш ухас хийсэн л машин байлаа.

Хурд ч бас дажгүй. Миний нэгэн анд Toyota Cresta унадаг байсан. Бид гэр бүлээрээ салхинд энэтр хамт их явна. Би ч заавал урд нь явах гээд уралдчихдаг байлаа, их хурдлахаар жаахан савлаад айлгадаг болохоос гайгүй сайн давхина шүү.
Гэхдээ мэдээж хэрэг япон машин, тэгээд бас Cresta-г гүйцээд, хаяаад энэтр гэж худлаа яриад ч яахав. Найз маань хөөрхий ядарсан юм унасан намайгаа өрөвдөөд хурдаа хасч өгдөг байгаа биддээ.

Ерөнхийдөө багавтар гэр бүлд яг сайхан таарах машин санагдсан. Арын суудал нь урагшаа унаад багажнаасаа урагш жолоочийн суудлын түшлэг хүртэл нилээд том зай гараад ирдэг нь их таалагдаж билээ. Учир нь би гэртээ засвар хийж таараад урт мод юмс ачих хэрэгтэй болоход ямартай ч том машин хөлслүүлээгүйдэг. Харин ч тэр боломжийг нь мэдэж аваад бүүр даварч юм л бол аччих гээд байдаг л байсан.
Эвдрэл бол гайгүй л байлаа. Унаж байх хугацаандаа амортизатор, түлкнүүд, хэдэн форсункийг нь сольж үзсэн. За эвдрээд гэх юм бол перда диск, бензин насос л байх шив дээ. За тэгээд ч эвдэрлээ гээд хаа очиж хуучин сэлбэгүүд элбэгшиж байсан болохоор үнэ багтай амар л байсан юм.

Япон машиныг бодвол битүүмжлэл муутай болохоор тэр ч юмуу чимээ жаахан ихтэй байлаа. Аминдаа чимээг нь дарах гээд л хаалганы хавтас, урд хянах энэтрийг тайлж пролон чихнэ, бүүр хаалганы механизмын нарийн төмрүүдийг сугалж байгаад дуслын гуурс гадуур нь углана. Салоныг нь цэвэрлэхийн тулд л бүх сандлуудыг нь тайлж авч байлаа хөөрхий, айхтар их хичээнгүй байж дээ.

Нухсаар байгаад нэг гайгүй шиг болготол, найз нөхөд ч хуучин муу эксель уналаа гэж муу хэлээд, алба ажил маань ч өөрчлөгдөж Бээнз унадаг дарганцар болмогц нь зарсан даа. Авсан хүн ч ам сайтай, хямдхан сайхан тэрэгтэй болчихсон доо хөөрхий.

No comments:

Post a Comment