Wednesday, August 29, 2012

Сансарын 3 өрөө байр (2010-Jan-26)

2010 онд шинэ байр захиалаад, урьдчилгааг нь нэг юм төлчихөөд үлдэгдэл төлбөрт нь өөрийн амьдарч байсан хуучин байраа зарж мөнгийг нь олж өгөх гэж нэг их ажил болж билээ. Тэр үед хямрал дайраад байрны маань ч үнэ их буурсан. Бас ер нь худалдан авагч бараг байхгүй юм шиг санагдаж байж билээ. Аргаа бараад зарын сайтууд дээр зар тавихдаа блог дээрээ доорх бичлэгийг оруулж, өнөөх зарынхаа сайттай холбож байсан. Сонинд, сайтуудаар өчнөөн зар гаргаж байсан ч гэсэн, яг энэ бичлэгийг маань уншсан нэгэн худалдан авсанд баяртай байдаг юм. Блог маань надад тус болж шүү дээ, хэхэ.







За, 12-р хороолол, Сансарт байдаг 3 өрөө байраа заръя. (зураг дээр дарж томруулна)
Уг байр маань хэдийгээр хуучны 5 давхар угсармал байранд байдаг хэдий ч дулаахан, тохитой, гаднах орчин болоод орц нь цэвэрхэн, ер нь миний Сансарт амьдарч үзсэн 4 ч байрнаас надад хамгийн их таалагдсан, бас дулаахан нь байлаа. Зарахаар шийдэж зар өгснөөс хойш хүмүүс 5-р давхарт дээрээс ус гоожих байх л гэж санаа зовж байх шиг байна. Гэтэл ер тийм зүйл байхгүй гэдгийг яаж ч батлах ёстой юм, ямар би дээрээс нь ус асгаж үзүүлэлтэй ч биш, хэхэ...



Хуучны байр болоод ч тэрүү ойр орчимын хөршүүд маань сайхан хүмүүс. Бие биесээ хүндлэхээс авахуулаад хуучин тогтсон уламжлалтай, ёстой л социализмийн үеийн "Соёлч өрх"-үүд дээ.
Гадаа нь хүүхдүүд тоглож, хөгшид нарлаад л. Байрны мөнгө л гэхэд үнэндээ жаахан юм гарна, гэтэл одоогийн шинэ байрнууд ч овоо төлбөр төлүүлэх юм даа.
Энэ байрыг манайд зарсан айл шинээр барилга бариулж орсон, манайх ч эндээ ирж хүүтэй болсон болохоор өгөөжтэй сайхан л байр гэж боддог юм. Даанч үнэндээ ам бүл маань нэмэгдсэн учир талбай нь хүрэлцэхээ байсан юм.

Уг нь манайх бүүр хуучин, ямар ч засваргүй байр худалдаж авч байлаа. Эхнэр бид хоёр жилийн турш дотор нь амьдрах хугацаандаа хаана нь юу хийх вэ, яаж засах вэ, ингэвэл зүгээр, тэгвэл гоё гэх мэтээр зөндөө ярьдаг байлаа. Энд тэнд айл хунарт зочлох болоод кино үзэж суухдаа ч тэр, хөөе ингэвэл зүгээр юм байна гэж ярина.
Тэгээд л нэг зун зуслан гарч, байрандаа засвар эхлүүлэв. Энэ засвар санасан шиг сайхан болсон хэдий ч, цаг хугацаа, мөнгө хөрөнгийг ёстой л нэг урсгах шиг болсон. Бүтэн 4 сарын турш, ажил хийгээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг хэдэн засварчидаа царай алдаж, ийм материал дутлаа гэхээр нь гүйж очиж авчирахаас гадна хоол унд дөхүүлэх хүртэл овоо л ажил болсон. Үнэндээ 4 сар дотроо ч зарим зүйл нь дуусаагүй, сүүлдээ хүйтэрч эхэлсэн болохоор дотор нь амьдрах хугацаандаа гүйцээсэн дээ.
Одоо бол авсан хүнд ямартай ч дахин над шиг тийм хэмжээний засвар хийх шаардлага байхгүй амар болсон юмдаг. Яахав зарим хүмүүс засваргүй байр аваад ингээд засчихад юухан байхав гэж л байдаг юм, хэрэг дээрээ ямархуу нерв, цаг хугацаа, мөнгө хөрөнгө орох талаар ямар ч ойлголтгүй байх шиг санагддаг юм. Би ч тийм л байсан. Засварчид нь эхлээд бараг л 2-3 сая төгрөгт багтах юм яриад байсан, сүүлдээ ч бүү мэдээ, нэгэнт эхлүүлчихсэн юмыг дуусгахаас яахав, мөнгө бол ч талийж өгсөөн. Засвар, тэр дундаа ингэж их буулгаж нураах ажилтай засвар бол бүтэхгүй юм билээ. Нэг үгээр хэлэхэд, хаширсан гэхүүдээ, хэхэ.

Балконыг нь битүү вакумдаж, дулааны улиралд балкон дээрээ суухад сайхан таатай байлаа, бас хөлдөөгчөө балкон дээрээ байрлуулчих зайтай. Том өрөөний балконы хаалгыг нэлэнхүйд нь томоор шийдсэн учраас гэрэл гэгээ маш сайн, бас дулаахан болсон. Гал тогооны тавилгатай, цахилгааны залгууруудыг хэрэглээнд ойртуулан шинээр монтажласан, миний мэдэхийн агаар шүүгч нь л маш сайн ажилладаг юм. Ер нь өрөөний зохион байгуулалт нь дамждаггүй, сүүлд хүн амьдрахад ямар байвал зүгээр вэ хэмээн бодож байж зохион байгуулалтыг өөрчилсөн болохоор тун дажгүй болсон мэт санагддаг юм.

Бүх цахилгааны монтажыг шинэчилж, гэрэл болон унтраалга, залгууруудыг хүн хэрэглэх тэр л газруудад нь шилжүүлэн байрлуулах гэж, ээ мөн овоо ажил хийж билээ. Ванн, жорлонг нэгтгээд угаалгын машин тавих зайг шийдсэн, бас угаалгын өрөөнд хэрэгтэй жижиг зүйлсээ хийх ханын шүүгээтэй. Цэвэр бохир усны шугамыг бүрэн шинэчилсэн, ванн, жорлон, угаалтуур нь Австралийн Coroma брэндийнх.
Угаалгын машинаа залгах залгуур болон, автомат угаалгын машинд зориулсан шугамын гаргалгаа хийгдсэн. Автомат угаалгын машин хэрэглэж байсан болохоор цахилгааны өдөр/шөнийн тарифт тоолуур тавиулчихсан. Үүдний хэсэгт гүйдэг хаалгатай шкаф хийж зарим нэг хувцас, за даа "новш"-оо агуулах сайхан сав бэлдэж байлаа.

Өрөөнүүдийн хаалгыг хүртэл хатаалгатай, зүймэл модон хаалга захиалж хийлгээд, цоож бариулыг нь хүний гарт эвтэй, сайн цоож олох гэж нэг хэсэг хүлээсэн юмдаг.
Өрөө тус бүрт телефон утасны шугам, телевизорын кабелийг монтажлаж байрлуулсан болохоор өрөө бүртээ л ТВ үзэж, хэхэ гал тогоо битгий хэл бүүр коридортоо ч утасаар ярьж болно. Хэдийгээр банзан шалтай, дээр нь хулдаастай байсан боловч, бид шууд дээрээс нь сайн чанарын паркетан шалтай болгосон болохоор дулаан болдог юм билээ.
Бид бол тухайн үедээ олон жил амьдрах байх гэж бодож бүхий л зүйлсийг чанартай, сайн материалаар, сэтгэлдээ хүртэл хийсэн болохоор худалдаж авсан хүн харамсахааргүй байр л гэж боддог доо. За тэгээд үнэхээр аваад амьдрах гэсэн хүн нь ирээд үзнэ биздээ.

Анхаарч уншсанд баярлалаа.

И-мэйл: miigaa72@gmail.com

2 comments: